2007-8-21
“Универсаль” Батжаа

“Универсаль” Батжаа

 

Амьдралаа спорттой салшгүй холбосон хүний нэг нь Монголын талбайн теннисний “амьд түүх” , эдүгээ АНУ-ын Арканзас мужийн Литтл рок хотноо гэр бүлийн хамт амьдарч суугаа Жанчивын Батжаргал билээ. Хэдхэн хоногийн дараа, бүр тодруулбал энэ сарын 25-26-нд Дэнвер хотноо түүний нэрэмжит Америкийн монголчуудын талбайн теннисний анхдугаар тэмцээн болох гэж байна. Уг тэмцээний “оршил” болгон Ж.Батжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулья.

 

-Төрсөн нутаг, торниж өссөн газар, бага нас, спорттой “танилцсан түүх” гээд уламжлалт асуултаар ярилцлагаа эхлэх үү?

 

-Унасан газар бол Улаанбаатар л даа. Гэхдээ хүүхэд ахуй насаа Дархан хотод өнгөрүүлж, тэндхийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Найрамдлын Дархан бол залуусын хот байлаа. Дээр нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд их. Тэдний барьж байгуулж өгсөн спортын заал танхим, барилга байгууламж олон. Тиймээс ч спортын уралдаан тэмцээн их зохиогдоно. Миний төрсөн ах Шүрэнчулуун спортоор хичээллэдэг, шаггүй тамирчин байсан юм. Ахыгаа дагасаар спортод хорхойссон хэрэг. Сагс, хөлбөмбөг, волейбол, хөнгөн атлетик, цана, ширээний теннис  юм юманд сургуулиа төлөөлөн тэмцээнд оролцдог хүүхэд байсан. Манай сургуулийн Ваанжил, волейболын Сорогжоо багш нар бол спортод дөртэй болгосон ачтанууд маань.

 

-Анхны тэмцээн, анхны медаль сэтгэлд тод үлддэг дээ?

 

-Анхны томоохон тэмцээн гэвэл Монголын пионер сурагчдын спартакиадын цанын бүсийн тэмцээн. Одоо Эрдэнэтийн “Хангарьд” клубын захирал, гавьяат дасгалжуулагч Баясгаланг гүйцэлгүй хоёрт орж байлаа. Дараа нь сагсанбөмбөгөөр  МПС-ын спартакиадаас мөнгө, хойтон жил нь волейболын өсвөрийн УАШТ-ээс бас мөнгөн медаль авсан.

 

-Цана,сагс,волейбол гээд гурван ч төрөл хөөж байж. Аль нэгээр нь дагнан хичээллэх бодол төрж байв уу?

 

-Үгүй ээ. Бүүр дээр нь хөнгөн атлетикаар тэмцээнд ордог болсон. Хөнгөнд бидний дээд үеийнхнээс одоо БТСУХ-ны дарга Наранбаатар үнэхээр тасархай, дийлддэггүй хүүхэд байсан. Би урт, өндөрт харайна, ойрын зайд гүйнээ. Тэр үед Социалист орнуудын хүүхдийн “Найрамдал” дөрвөн төрөлт гээд хөнгөн атлетикийн олон улсын том тэмцээн жил бүр зохиогддог байсан. Манайхан багаараа медалиас мултрана гэж байдаггүй, ялангуяа 60 метрт голцуу алт авдаг байсан. 1974 онд “Найрамдал” 4 төрөлт БНАГУ-ын Берлин хотноо болоход манайхан багаараа медаль авч чадаагүй. Аз түшсэн юм уу, од нь гийсэн юм уу би бөмбөг шидэлтэд болон нийлбэр дүнгээр гуравдугаар байрт орж хошой хүрэл медаль зүүж байлаа. Бас нэг хүүхэд хувийн дүнгээр хүрэл авсан санагдана.

 

-За тэгээд дараа нь хөлбөмбөг, хоккей хүртэл тоглосон биз дээ?

 

-1975 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетэд урилгаар орж суралцсан. Тэр жилээ УБДС-ийн волейболын багт тоглон улсын аварга болсон. Мөн хөлбөмбөгийн багийн ахлагчаар тоглох болсон. Тэрнээс хойш ихэвчлэн хөлбөмбөгөөр дагнасан даа.

 

-Ингэхэд спортын мастер цолыг аль төрлөөр хүртсэн юм бэ?

 

-Хөлбөмбөгөөр спортын мастер анх болсон юм.Дараа нь хоккей, бүүр сүүлд талбайн теннисээр спортын мастер болсон. Сагс, волейбол, цана, хөнгөнатлетик, ширээний теннисээр улсын 1 дүгээр зэргээс ахиагүй ээ.

 

-Тоглохын хажуугаар сагс, хөлбөмбөгийн талбайд шүүгч хийж байхыг чинь олон харсан?

 

-Сагс,хөлбөмбөг, хоккей, талбайн теннисний улсын шүүгч цолтой. Тэмцээн уралдаан болохоор шүүгч их ховор байдаг байлаа. Оюутан байхад “Та нар ном дүрмийг үзэж буй улс шүүгч хий, ядаж маргаан будлиан гарахгүй” гээд шүүгч хийлгэдэг байлаа. Оюутан, дараа нь зааварлагч хийж байхдаа олон спорт тоглоомын дүрмийг орчуулж байсан. Тэгэхээр шүүгч хийхэд амар л даа. Сүүлдээ ч шүүгчийн амтанд ороод ирдэг юм билээ.

 

-Сургуулиа төгсөөд хаана очиж спортын “үр” тарив?

 

-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зааварлагч, дасгажуулагчаар томилогдон очсон. Их том байгууллага байсан юм,тухайн үедээ. Бас харьяалалын дагуу Октябрийн  район, “Замчин” нийгэмлэгийн хөлбөмбөг, хоккейн багт тоглоно оо. Хөлбөмбөгөөр УАШТ-ээс хүрэл медаль авч байсан. МҮЭСТО-д байхдаа хүүхдийн хоккейн баг байгуулж, өөрөө ч дунд нь ороод хүүхдүүдтэйгээ томчуудын тэмцээнд ордог байлаа. Мөн хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай, тэр үед хоккейн холбоо гэж тусдаа байгаагүй хөлбөмбөгтэй хамт байсан болохоор “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээнэ. Манай хоккейн баг өсвөр үеийн улсын АШТ гэж зохиогддог байсан “Алтан шайб” тэмцээнээс нийтдээ 18 алтан медаль авч байлаа.

 

-Тэгээд яаж яваад теннистэй холбогдсон юм бэ?

 

-Энэ их сонин, бас хөгтэй түүхтэй. 1987 онд  Москва хотноо БТС-ын удирдах ажилтны курсэд явж нилээд хэдэн сар номын дуу сонссон.Хуучин ЗХУ-ын шигшээгийн том том дасгалжуулагч, нэртэй профессорууд, шилдэг тамирчидтай нэг буудалд байрлана. Тэр үед өөрчлөн байгуулалт ид өрнөж байсан юм. Нөгөө томчууд чинь өглөө нь хичээл дээр “Баруун руу тамирчдаа гаргаж болохгүй, мэргэжлийн спорт бол мөнгөний төлөө байдаг, тамирчдыг ёс суртхуунгүй болгодог” гээд л лекц уншдаг мөртлөө орой нь буудалдаа хэн нэгнийхээ өрөөнд цуглаад буу халахаараа “Яаж баруун руу гарах вэ?” гээд л ярина. Бид нар ч бүүр учрыг нь ойлгохгүй. Нөгөө Зөвлөлтийн томчууд намайг ямар спортынх  вэ гээд л асууна. Хөлбөмбөг , хоккей гэхээр татаад уначихдаг байсан. Би ЗХУ-ын зүлгэн дээрх хоккейн шигшээ багийн тамирчин байсан Мураттай илүү дотно найзалдаг байсан. Мурат надад “ Чи Монголдоо теннис хөгжүүл. Чам шиг жижиг биетэй хүн яаж хоккей, хөлбөмбөг тоглох вэ” гэнэ. Тэр үгийг нь ч нэг их тоосонгүй  мартчихсан. Нэг өдөр Улаан талбайн хажууд байдаг ГУМ, ЦУМ гээд дэлгүүрээр хэсээд явж байтал нэг тасаг дээр бөөн хүн оочерлоод эхэллээ. Би ч нэг их ховор чухал бараа гарах нь гээд л дунд нь ороод зогсчихлоо. Оочерлож явсаар лангуун дээр хүртэл талбайн теннисний модон цохиур зарж байна. Нэгэнт баахан оочерлосных 16  рублиэр хоёр цохиур авлаа. Тэр үед гадаадад курст сурсан, туршлага судалсан хүмүүс эх орондоо буцаж ирээд заавал нэг шинэ юм нэвтрүүлэх үүрэгтэй байсан болохоор Монголдоо очоод теннис дэлгэрүүлье гэж бас бодсон хэрэг. Тэгээд гарч явтал нэг орос нэг цохиураа зарчих гээд шалаад дагаад болдоггүй ээ. Бүүр 16 рубль өгье гэхээр нь надад нэг байхад болно гэж бодоод зарчихлаа. Теннис тоглоход хоёр цохиур хэрэгтэй болно гэж мэдэхгүй байсан байгаа юм.

 

-Ганц цохиуртай хүн Монголд ирээд яаж теннисийг хөгжүүлэв?

 

-Намайг ирэхэд МҮЭСТО дээр волейболын Түвдэнжигмэд багш, ПТДС дээр зөвлөх доцент Гарке нар хэдийнээ теннисний секц нээчихсэн хичээллүүлж байв. Би ч удалгүй энэ хоёр секцний хооронд анхны тэмцээнийг зохион байгуулж,өөрөө хувийн цохиуртай том амьтан орлоо. 60 гаруй хүн орсон чинь би өөрөө хамгийн сүүлийн байрт ордог юм.Шар ч их хөдөллөө. Бэлтгэл ч их хийв. Хоёр дахь тэмцээн болоход шууд хоёрдугаар байрт орлоо. Ингээд л эргэж буцалтгүй теннист орж эргээд тамирчин болсон доо.

 

-Тэр үед теннисийг баячуудын, дээдсийн, хөрөнгөтөн орны спорт гээд бараг хавчдаг байсан биз?

 

-Бараг тийм шүү. Гэхдээ манайд байсан ЗХУ, Чех, Унгар, Англи, Японы ЭСЯ-ны ажилтнууд их тоглодог байсан болохоор арай гайгүй ханддаг байсан. Дан монголчууд тоглож байсан бол бараг хаах байсан биз. ЗХУ-ын Элчингийн зөвлөх Павлов маш сайн тоглодог байлаа. Бид хоёр хос тоглолтод цөөнгүй тэмцээнд хамт тоглосон,түрүүлж ч байлаа.Сүүлдээ  сүрхий найзууд болсон. Мань эр багадаа Москвагийн аварга хүртэл болж явсан юм билээ. Павлов надад  Орос дэлгүүрийн пропуск, бүүр хоёр өрөө байр хүртэл бэлэглэж байсан шүү.

 

-Теннис тоглохын  хажуугаар спортын зүтгэлтний гараагаа эхэлсэн үү?

 

-Би өөрөө нилээд хожуу 30 хүрч байж теннисээр хичээллэсэн. Гэхдээ улсын аварга цолыг 16 удаа (ганцаарчилсан, холимог хос, хос тоглолтоор) хүртсэн юм. Тэгэхээр өөрөө тоглохоос илүү хүүхэд багачууд, залуусыг энэ спортод дуртай болгоё, энэ сайхан спортыг хөгжүүлье  гэж боддог байлаа. Нөгөө талаар угаасаа зааварлагч, дасгалжуулагчаар ажиллаж байсан болохоор 1987 онд Улаанбаатар хотын Талбайн теннисний төв клуб гэж байгуулагдахад нарийн бичгийн даргаар сонгогдсон. Дараа нь 1990 онд Монголын талбайн теннисний холбоог үүсгэн байгуулалцаж ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, наашаа Америкт иртлээ 13 жил ажилласан даа. Бас 1992-1995 онд Талбайн теннисний гүнзгийрүүлсэн анхны хувийн дунд сургууль байгуулан захирлаар нь, 1995-2003 он хүртэл Теннисний Академийн захирлаар тус тус ажилласан юм байна.

 

-Ж.Батжаргал...Ж.Батжаргал...Ж.Батжаргал гэсэн нэг онигоо яагаад гарсан юм?

 

-Би чинь өөрөө тоглоно, шавь нараа дасгалжуулна, тэмцээнээ зохион байгуулна, МТТХ-ны е.н.б.д болон Теннисний Академийн захирал болохоор тамирчдынхаа шагналыг гардуулна, теннисээ сурталчлах гээд сонин хэвлэлд мэдээ бичээд өгнө, бүх юманд л өөрөө гүйдэг байж. Үүнийг Олимпийн хорооны Отгонцагаан олж мэдээд “ Талбайн теннисний УАШТ болж эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ж. Батжаргал, хос тоглолтод Ж.Батжаргал, .... нар, холимог хос тоглолтод Ж. Батжаргал ,... нар, түрүүлэв. Байгууллагын дүнгээр Ж.Батжаргал дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай баг тэргүүллээ. Медальт байрт шалгарсан тамирчдын шагналыг МТТХ-ны е.н.б.д , теннисний Академийн захирал Ж.Батжаргал гардуулав. Мэдээг бичсэн Ж.Батжаргал” гэсэн онигоо”Таван цагариг”-т  гаргасан. Бараг  болсон явдлаас төрсөн  онигоо л доо.

 

-Талбайн теннисий холбоонд энэ урт хугацаанд ажиллахдаа хийж бүтээсэн зүйл их л байгаа байх даа?

 

-Бүтэн 13 жил ажилласан юм чинь амжилт ололт , алдаа дутагдал аль аль нь гарсан биз дээ. Гэхдээ хэд хэдэн зүйлд сэтгэл хангалуун явдаг. Юуны өмнө Монголын талбайн теннис Азийн болон Олон улсын холбоонд данстай болсон. Зүгээр ч нэг идэвхгүй гишүүн болоогүй. Анх 1993 онд Азид манайх чансаагаараа хамгийн сүүлд буюу 44-т бичигдэж байсан. 2003 онд 17-д бичигддэг болсон. Энэ хугацаанд ОУТТХ-ны эксперт багш  нар манай оронд 5 удаа ирж дасгалжуулагчдыг бэлтгэсэн, ОУОХ,МҮОХ-той хамтран Үндэсний семинарыг хоёр удаа зохион байгуулсан, улсын АШТ-ийг насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, ахмадын гэсэн насны ангиллаар зохиодог болсон, өсвөр үеийнхний дунд “Шидэт цохиур” лигийн тэмцээнийг зохиож ирсэн. Теннисээр хичээллэгсдийн тоо жил бүр өсч, тамирчдын амжилт тогтмол ахин олон улсын тэмцээнээс олон зуун медаль авсан. Бас нэг том зүйл бол боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг шийдвэрлэж, бүх Биеийн тамирын дээд сургууль дээр теннисний багш,дасгалжуулагчийн анги нээсэн. ОТТХ-ны мини теннисний хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлсэн. Тоймтой сэтгэлд хүрсэн ажлууд гэвэл иймэрхүү. Мөн холбоогоо байр савтай болгох, харилцаа холбоог нь өргөжүүлэх, материаллаг баазтай болгох гээд аж ахуйн чанартай ажил ч их хийж. Ер нь МТТХ-г айлын дайтай айл болгосон гэж боддог.

 

-Тэгээд яагаад энэ айлаа “эзэнгүй” орхиод Америкт хүрээд ирсэн юм бэ?

 

-Орхисон хэрэг биш ээ. Теннис өндөр хөгжсөн энэ оронд ирж бодит байдлыг харж мэдье, өөрөө ч суралцая, мэргэжлийн теннис гэж юу байдгийг нь  үзье, тэгээд мэдсэн сурсанаа нөгөө хэддээ хэлье, зөвлөе гэж бодоод ирсэн. Нэгэнт хөл дээр нь баттай зогсоогоод, зөв гольдрилд нь оруулсан болохоор хэн ч  тэр “айлыг” аваад явчих байх гээд санаа зоволгүй наашаа гарсан. Бас үр хүүхдээ гайгүй боловсрол мэдлэгтэй болгоё, амьдралаа дээшлүүлье гэж бодолгүй яахав дээ.

Энд ирээд Америкийн мэргэжлийн теннисний холбооны гишүүн боллоо. Мэргэжлийн тамирчин бэлтгэх багш дасгалжуулагчдаас онол, практик, техник гээд олон янзын айхтар тесттэй шалгалт аваад зэрэглэлтэй зөвшөөрөл олгодог юм байна. Дээд тал нь Master PRO,тэгээд PRO 1-ээс 4 гэсэн гэж зэрэглэл байдаг  бөгөөд би  PRO-2 зэргийн шалгалтыг өгч тэнцээд батламжаа авсан. Одоогоор нилээд олон америк, ганц нэг монгол хүүхдэд хичээл зааж байгаа.

 

-Оролцож явсан уралдаан тэмцээн, уулзаж явсан томчууд олон биз дээ?

 

-Олон улсын тэмцээнд хүүхдүүд шавь нараа авч их явсаан. Томоохон тэмцээн гэвэл 1990 оны Бээжингийн Азийн наадамд тамирчнаар, 1998 оны Бангкокын, 2002 оны Бусаны Азийн наадамд дасгалжуулагчаар оролцсон. Мөн 1998 онд Москвад болсон хүүхдийн олимпод шавь нартайгаа хамт оролцсон. Тэр хүүхдийн олимпод Оросын охидууд их сайн тоглож байсан юм. Тэгээд тэдэнтэй шавь нарынхаа хамт зургаа татуулсан. Одоо тэр А. Мыскина, Е. Дементьева нар дэлхийн шилдэг мэргэжлийн теннисчид болсон байна. Бас Уимблдоны 1987 оны аварга, Австралийн нээлттэй тэмцээний 1987,1988 оны дэд аварга, Австралийн нэрт теннисчин Пэт Кэшээр хичээл заалгаж, кортон дээр тоглож үзэх завшаан олдож байсан. За тэгээд 1987,1997 онд Москвад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж байхдаа ЗХУ,ОХУ-ын шигшээгийн томчуудаар хичээл заалгаж, найзалж нөхөрлөж явсан.

 

-Хэдхэн хоногийн дараа таны нэрэмжит Америкийн монголчуудын теннисний аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох гэж байна?

 

-Америкт ажиллаж, суралцаж, амьдардаг монголчууд сагс, хөлбөмбөгөөр аваргаа шалгаруулдаг сайхан уламжлал тогтсон. Энэ жилээс теннис нэмэгдэж байгаад тун баяртай байна. Миний шавь Ууганбаяр энэ тэмцээнийг санаачлан, зохион явуулах гэж байгаа. Эндээс ирээдүйд Монголынхоо нэрийг гаргах теннисчид төрж гарахыг үгүй гэх газаргүй. Ер нь Америкт байгаа манай хүүхэд залууст их бололцоо байна. Байр талбай, хувцас хэрэглэл гээд. Теннисээр гэхэд л хаа л бол хаа стандартын корт байна. Мэргэжлийн багш, дасгалжуулагч, секц дугуйлан бэлэн. Оролцох уралдаан тэмцээн тоо томшгүй олон байна. Алдарт А. Агасси, Ж.Курье, М.Риос, М.Селеш, М.Хингис, М. Шарапова , эгч дүү Уильямс гээд дэлхийн томчуудыг, оддыг бэлтгэн гаргасан Ник Боллетьерийн Теннисний Академи Флорида мужийн Брэдентон хотноо байна. Тэнд очоод суралцсан ч үүд хаалга нь нээлттэй шүү дээ.  Эцэг, эхчүүдэд хүүхдээ мэргэжлийн сайн теннисчин болгочихвол шууд л саятан болно шүү гэдгийг бодолцоорой гэж хэлэх байна.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа!

  

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:35 | | уншсан: 722 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


minii blog
Сонирхож үзээрэй http://enkhbata.blogspot.com/
Бичсэн: enkhbat.ts цаг: 02:41, 2008-8-1 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant