2010-11-15
Аваргын төлөө өрсөлдөх багууд, ахмадын шигшээгийн нэрс тодорлоо

Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлөөс зохион байгуулж буй “Намрын тойрог” тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд Оакланд хотын Техникийн ахлах сургуулийн талбайд боллоо.

           

Талбайд эхлээд тойргийн тоглолтод тэргүүлсэн “Хүлэг” баг плей-оффт дөрвөөр гарч ирсэн “Гарьд” багтай тоглон 3:0-ээр илүүрхэн хожлоо. Дараа нь тойргийн тоглолтод хоёр, гуравдугаар байр эзэлсэн “Таван цагариг”-“Хийморь” багууд өрсөлдөв. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, үндсэн цагт багууд хэн хэнийхээ хаалганд гоол оруулж чадсангүй 0:0 –ээр тэнцлээ. Ингээд нэмэлт цагийн төгсгөлийн минутад “Хийморь” багийн ахлагч Батсайхан ялалтын гоолыг оруулж, багтаа алтан медаль, аваргын цомын төлөө тоглох эрх авчирлаа.

 

Ийнхүү 11 сарын 21-ний ням гаригт өглөө 7.30 ам цагаас “Таван цагариг”-“Гарьд” багууд (“Хүлэг” багаас) хүрэл медалийн төлөө, 8.45 ам цагаас “Хүлэг”-“Хийморь” багууд алтан медаль, аваргын цомын төлөө тоглох болов.

 

Мөн Монгол Улс тунхагласны  баярт зориулсан , Америкийн Талархлын баярын өдөр (11.25) болох“Спорт-Эв нэгдэл” бүх нийтийн өдөрлөгийн үеэр зохиогдох хөлбөмбөгийн тэмцээнд оролцох Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн зөвлөлийн “Бэй Аэриагийн Шонхорууд” багт тоглох тоглогчдын нэрс тодорлоо. БАМХЗ-өөс хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолтод оролцох Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны “BAMCA” баг, Кальфорнийн Монголчуудын Шагайн Товчооны шигшээ баг, Бэй Аэриагийн Монголчуудын Волейболын холбооны шигшээ багуудаа хүндэтгэн, тоглолтыг мөн өрсөлдөөнтэй, сонирхолтой болгох үүднээс “Бэй Аэриагийн Шонхрууд” багийн бүрэлдэхүүнд энэ удаад зөвхөн 40-өөс дээш насны тоглогчдоо урьжээ. Харин “BAMCA”, Шагайн болон Волейболын багуудад насны хязгаар хамаарахгүй юм.

 

Өнгөрсөн жил БАМХ болон “Таван цагариг” багууд Улс тунхагласны баяраар халз нөхөрсөг уулзалт тоглолт хийж байсан бол энэ удаад дөрвөн баг болж өргөжиж байна. Дээрх дөрвөн баг зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдөөд зогсохгүй шагайн харваан зурхай дээр ч цэц мэргээ сорих юм.

 

Ноднин Бэй Аэриагийн гурван удаагийн аварга “Таван цагариг” багтай “эн тэнцүүхэн” өрсөлдөөд хожигдсон БАМХ-ны Д.Цэрэндорж ахлагчтай “БАМКА” баг хар хөх болон цагаан өнгийн жигдхэн формоор гангараад, нууцхан бэлтгэлдээ  гарсан сураг байна. Тэд энэ жил хөлбөмбөгийн зөвлөл, волейболын холбооны багтай болж өгвөл тэнцэх, харин Шагайн товчооны багийг заавал хожих “Барбарос” төлөвлөгөө боловсруулаад , онол, тактик бол бэлэн болсон, одоо амьдралд практик дээр л яаж “ажил” болгодог билээ гэдгээ ярилцаж суугаа гэнэ. Холбооны тэргүүн Хишигбаяр багаараа бэлтгэлд гарахаас өмнө хувиараа бэлтгэлээ базааж, яг формондоо орж байтал харамсалтайгаар хөлөө гэмтээсэн тул энэ удаа талбайд гарахгүй аж. Гэвч “цэргүүддээ” бараагаа харуулж урмыг нь сэргээх юм байна. “БАМКА” Оргил, Мөрөн гээд залуу тоглогчиддоо ихээхэн найдлага тавьж буй бөгөөд бөөн бөөнөөрөө сэлгээ хийх хоккейн тактикийг баримтлахаас гадна, шүүгчдийн анхаарлыг сулруулж байгаад хэд хэдэн тоглогч илүү талбайд гаргадаг “дархан мэхээ” ч бас хийхээр зэхэж байгаа нь гарцаагүй ээ.

 

Харин шагайн товчооныхон бэлтгэлд хэзээ гарах, ямар өнгийн формтой тоглохоо ихээхэн нууцалж байгаа бөгөөд “БАМКА”, Волейболын багуудад анхаарлаа тавьж хүчээ сулруулахгүй, зөвхөн хөлбөмбөгийнхөнтэй л гол нь өрсөлдөнө гэсэн тооцоотой байгаа гэнэ. Шагайныхан тоглолтын хувцасаа хэдийнээ захиалсан ч үндэсний бөхийн улсын харцага , чөлөөт бөхийн ОУХМ, “Сөүл-1988” Олимпийн наадмын шагналт байрын эзэн , Кальфорнийн Монгол Шагайн товчооны тэргүүн Б.Жавхлантөгс , мөн шагайн “Конкорд” багийн харваач, аймгийн дэд мэргэн А. Түвшин, залуу харваач Түвшинбаяр  нарт таарах X X X XL размер, Монгол Улсын Хүндэт мэргэн Ганболд, залуу харваач Мөнхбаяр нарт таарах Youth Extra Small  размертай хувцас нь хараахан бэлэн байхгүй тул special order  хийчихээд хүлээж байгаа аж. 

 

Дүүжин харвахад 10-тын центээс ч нимгэхэн зүйлийг алдалгүй харвадаг шагайн мэргэчүүд хөлбөмбөгийн хаалгыг онох нь бол гарцаагүй бөгөөд бөмбөгөө харин хөлөөрөө өшиглөхийн оронд гараараа няслах дүрмийг “түр зуур” нөхөрсөг тэмцээний үеэр оруулж болохгүй юу гэсэн санал тавьсан нь бүтээгүй гэнээ.  Монголчуудын холбоо болон волейболын багийг “тооцооноос” хасчихсан мэргэчүүд Хөлбөмбөгийн зөвлөлөөс  залуучууд нь тоглохгүй болохоор хурд ч таарах юм байна гээд сэтгэл хангалуун байгаа сурагтай.

 

“Алгадах бөмбөгийн ангийхан”  оройтож мэдүүлгээ өгсөнч олонхийн саналаар тэдэнд нөхөрсөг тэмцээнд оролцох боломж олгосон. Гэхдээ тэдэнд бусад багууд заавал 1 м 90 см дээш өндөртэй тоглогчдоо л оруулах шаардлага тавиад байгаа юм. Хамгийн түрүүн энэ шаардлагад Волейболын холбооны тэргүүн Санжаа “бүдэрсэн ч” аливаа холбооны тэргүүнүүдийг нас шүд, өндөр нам, өргөн нарийн хамаарахгүй оруулна гэсэн заалтаар  тоглохоор болжээ.

 

Хөлбөмбөгийн Зөвлөлийн “Шонхрууд” баг”Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” гэсэн уриатай оролцох бөгөөд хөлбөмбөгөөр хожих хожигдох нь гол биш харин шагайгаар д Монголчуудын Холбоо, Волейболын холбооны багуудыг  “хасаа” алдалгүй онож хожихыг л нэн тэргүүний зорилго болгож байгаа юм байна. Мөн өнгөрсөн жил “БАМКА”-д анхны гоолыг оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгч С.Болдбаатарын амжилтыг ахиулах, улмаар тэдний хаалганд Болдоогоор “хет трик” хийлгэхээр бүх паасаа өгөх бололтой.

 

Ийнхүү “Спорт-Эв нэгдэл” өдөрлөг өргөн дэлгэр, тун сонирхолтой болох бөгөөд хүрэн цугласан үзэгчид хөлбөмбөгийн талбайд бараг үзэгдэхээ больсон болох зөрөх, гараараа бөмбөгөө барих, бүдэрч унах, “Сэрэлт”-ийн “Пүрэвжавтах” зэрэг маш ховор, онц сонин “үзэгдлүүдийг” нэг доор бөөнөөр нь харах өргөн бололцоо нээгдэж буй тул боломжийг бүү алдагтун!

“Спорт-Эв нэгдэл” өдөрлөгт оролцох БАМХЗ-ийн “Бэй Аэриагийн Шонхрууд” багийн бүрэлдэхүүн:

 

 

Бадрал            “Таван цагариг”

Болдбаатар     “Таван цагариг”

Энхтүвшин    “Таван цагариг”

Дамбадаржаа “Хийморь”

Наранбаатар  “Хийморь”

Содоо             “Хийморь”

Сайнаа            “Хийморь”

Энхбилэг       “Темескал”

Энх-Амгалан “Темескал”

Пүрэвдаваа    “Гарьд”

Хүрэлээ          “Гарьд”

Эрдэнэхүү      “Хүлэг” БАМХЗ-ийн тэргүүн

Бат-Эрдэнэ     “Хүлэг”

Нямдорж        “Хүлэг”

Мэндээ           “Хүлэг”

Дамба             “Хүлэг”

Болдоо            “Хүлэг”

Нараа              “Хүлэг”

“Полк” Баатар  “Хүлэг”

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:59 | | уншсан: 483 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)