2011-01-01
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр “мэндэлсэн” хөгжилтэй явдлууд

2010 он улиран одож, түүх болон үлдэхэд тийм ч их биш хугацаа үлдлээ. Энэ оныг тодотгох гол үйл явдлын нэг нь мэдээж өнгөрөгч зун Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. “Хар” тивд анх удаагаа болсон хөлбөмбөгийн их баярыг манай гаригийн өнцөг булан бүрт сая сая хүмүүс шимтэн сууж үзсэн. Мэдээж хөлбөмбөгийг ганцаараа суугаад үзэх тийм ч таатай биш. Хэд хэдээрээ суугаад, хэлцэж “хэрэлдээд” үзэх нь сонирхолтой, бас дурсамжтай байдаг. Зүгээр ч үгүй хоорондоо мэтгэлцэж, маргалдаж, өөр өөрсдийн багаа дэмжиж суухад элдэв хөгжөөнтэй зүйл бишгүй тохиолддог билээ.

Энэ удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Америкийн Бэй Аэриа орчимд суугаа Монголчуудынхаа дунд болсон зарим хөгжилтэй түүхийг уншигч олонд дэлгэе.

 

 

Хятад-Хонконг хоёр тоглосон нь

 

 

“Н” хэсгийн Чили-Хондурасын шигшээ багуудын тоглолтыг “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч, боксын зэрэгтэй тамирчин Д.Цэрэндорж гэртээ тухлан үзэж суужээ. Тэгтэл гаднаас Бэй Аэриагийн Монголчуудын холбооны спорт хариуцсан тэргүүлэгч гишүүн С.Болдбаатар орж ирж гэнэ. Тэгээд Цэрэндоржоос “Хаанах хаанах тоглож байгаа юм бэ?” хэмээн асуухад цаадах нь хамаг анхаарлаа тоглолтондоо хандуулсан байсан тул “Өөрөө хараад ойлгохгүй юу. Багуудын нэр нь байгаа биз дээ” гэж ундууцаж. Болдоо ч ТВ руу хараа билчээвэл CHI- HON 0: 0 ( CHILE-HONDURAS  -ийг ингэж товчлон бичдэг) гэсэн бичиг байна гэнэ. Түүнийг хараад мань Болдоо “Өө, Хятад –Хонконг хоёр л тоглож байгаа юм байна ш дээ. Харин Хятадууд баахан латинууд, Хонконг нь баахан хар авчихжээ. Үүнийг хэлчихээд чамаас юу уначих гээд  байгаа юм “ гэж ихээхэн ундууцсан гэдэг.

 

Үхрийн хэл

 

Сан Францискод амьдардаг хэдэн монголчууд хөлбөмбөг нэгнийдээ үзэхээр ярьж тохирчээ. Тэгээд хэдүүлээ уух, идэх юм аа авчираад тухтай суухаар болоход Бэй Аэриагийн наадмын хурдан дааганы уралдааныг олон жил зохион байгуулсан тул “Морины комисс” хочтой болсон Бат-Очир “Би дэлгүүрээс сайхан үхрийн хэл аваад чанаад ирье” гэжээ.  Харин хөлбөмбөг үзэхээр цуглахад мань хүн үхрийн хэлний оронд хонины толгой чанаад ирсэн байна гэнэ. Нөхөд нь “Чи чинь үхрийн хэл гээд байсан чинь яагаад хонины толгой болчихов оо” гэж асуухад Бат-Очир “ Дэлгүүрт уг нь үхрийн хэл байх нь байсан  юм аа. Би англиар үхрийн хэл гэж хэлж чаддаггүй ээ. BEEF LANGUAGE гэсэн ойлгохгүй юм. Тэгээд л хонины толгой болчихлоо” гэсэн гэнэ. Уг нь үхрийн хэлийг англиар beef tongue  хэмэдэг билээ.

 

                                    Машины нэртэй тоглогч

 

Конкорд хотноо амьдардаг “Штангийн” Энхбатынд өнөөх Болдбаатар бас л хөлбөмбөг үзэхээр орж ирж. Өмнө нь хэд хэдэн тоглолт үзээд гайгүй мэдлэгтэй болсноо Энхбатад харуулахаар ирсэн нь тэр юм байж. Тэр өдөр Япон-Парагвайн тоглолт гарч байж. Өмнө нь хөлбөмбөгийн тэмцээнд оролцож хэд хэдэн медаль аваад байсан тул Болдоо “шатар,штангийн” талаар дандаа дийлддэг Энхбатыг давахаар шийдэж “Чи  хөлбөмбөг хэр мэддэг  билээ. Энэ Японы багийн Тойота гээд нэг гайгүй тоглогч байгаа” гээд л авч. Уг нь бол Японы шигшээгийн Кейсуке Хонда хэмээх тоглогчийн нэрийг гайгүй сайн цээжилж авснаа хэлж байгаа нь тэр юм байж. Гэтэл өөдөөс нь өнөөх Энхбат нь “Нээрээ Сузуки, Мицубиши гээд хэд хэдэн машины нэртэй тоглогч харагдах шиг болсон  шүү. Аль нь юм болоо?” гээд ажиг ч үгүй авсан гэдэг.

 

Мали шүүгчийн “зуулт”

 

Бөхийн хорхойтнууд болох Конкордын Оргил, Батгэрэл нар хамтдаа Словен-АНУ-ын тоглолтыг үзэж суув. Нутаг усанд нь амьдарч буй болохоор хоёулаа Америкийг балиашиглаж байсан нь мэдээж. Тоглолт ч тун сонирхолтой болж 0:2-ээр хожигдож явсан Америкийн хөлбөмбөгчид 2:2 болгож тэнцүүлэхэд манай хоёр ч магнай тэнийн гоолны тоогоор “зуу” татаж суув. Тоглолтын төгсгөлд Америкчууд дахин нэг гоол оруулсан ч тоглолтыг шүүж байсан Мали улсын шүүгч Коман Кулибани америкчуудын цэвэр гоолыг “отон тоглолт” гээд тооцсонгүй. Үүнд ундууцсан мань хоёр хоорондоо ийн ярьжээ.

Баагий: -Энэ Малийн хар шүүгч ч манай Америкийг ч ёстой хийчихлээ шүү! Словенүүд авилгал өгчихсөн юм байх даа?

Оргио:-Авилгалыг ч манайхаас өөр оронд нэг их өгөөд байдаггүй байх аа. Харин Мали дахь Америкийн Элчингийнхэн энэ хар нөхрийн өөрийнх нь юм уу, эсвэл хамаатнуудынх нь визийг гаргаагүй “хар” дарчихсан байх. Тэгээд л “зуугаад” байна л даа.

Баагий:-За яахав. Энэ муу хар шүүгч Америкуудыг “зуусан” л юм байгаа биз. Гэхдээ бид хоёрын  “зуу” татахыг ямар болиулж чадах биш, нэг хий хөө

 

                                    Би шүүгчийнх нь талд

 

Италийн хувирашгүй фэн байснаа хожигдмогц нь “урваж” Испанийн улаан балиашиг болсон “Замдаан”-ы Цэрэндорж, Холландын нугарашгүй дэмжигч “Морь” Самбуу нар ДАШТ-ий финалыг хаанахын ч балиашиг биш Төмөрсүхийн хамт гурвуулаа үзжээ. Хоёр балиашиг ч яахав хэнийх баг хожих талаар маргалдаад бие биенээ дийлээгүй учир бооцоо тавьж гэнэ. Нилээд жинтэй юм тавихаар болж Төмөрсүх шүүгч хийхээр болжээ. Нөгөө хоёр ч  хэн хэн нь Төмөрсүхд хэлж байна гэнэ. “Би бооцоогоо авахаар чамд нэг юм авч өгнөө”  гэж. Тоглолтын үндсэн цаг дуусаж ,  тоо 0:0 хэвээр байхад нөгөө хоёр Төмөрсүхээс “Чи ер нь хэнийх нь талд ороод аль багийг дэмжээд байнаа?” гэж асуухад мань хүн огтхонч бодолгүй “Цэнхэр хувцастай нь (Холланд улбар шар, Испани хар хөх, харин талбайн шүүгч цэнхэр хувцастай байсан  ) хаанах вэ? Би тэрнийг л дэмжээд байгаа юм” хэмээн аль алинд нь тал алдалгүй аятайхан хэлжээ. Аль нь ч хожсон бооцооны хувь хүртчих арга ухаан сийлсэн нь тэр ажээ.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:36 | | уншсан: 1941 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


инээх инээх rolling on the floor алга ташилт
Бичсэн: xvv цаг: 14:24, 2010-11-01 | Холбоос | |


тэр үхрийн хэл бол инээдтэй байлаа.

Нэг залуу тахиан мах авчих санаатай орос дэлгүүрт орсоноо. тахиан махыг юу гэж хэлдгээ мартчихаж. сандарсан ч самбаагаа алдаагүй залуу өндөг зааснаа худалдагчаас асуужийнэ.
*что это /энэ юу вэ/
-*яйцо /өндөг/
*где мама /ээж нь хаана байна/ хэлээ гаргах
Бичсэн: Бахархал цаг: 14:23, 2010-11-01 | Холбоос | |





:-)