2010-02-14
“Ванкувер-2010” өвлийн олимп эхэллээ

Өвлийн олимпийн XXI  наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр орой Канадын Британийн Колумб мужийн Ванкувер хотын “BC Place” хэмээх битүү дээвэртэй ордонд боллоо.

            Өвлийн олимпийн түүхэнд урьд өмнө нь битүү дээвэртэй цэнгэлдэхэд Олимпийн нээлт болж байсан удаагүй билээ. Нээлтийн ёслолын ажиллагаа сноубордингийн олимпийн анхны аварга, Ванкувер хотын унаган хүү Росс Ребальятигийн өндөр уулнаас бууж буй ТВ-ийн зураглалаар эхэлсэн бөгөөд  “BC Place”-д    энэ өдөр цугласан 60 000 азтан, дэлхий даяар цэнхэр дэлгэцнийхээ өмнө тухалсан гурван тэрбум орчим хүмүүс “Агч навчны орон”, “Цас мөсний орон”, “Хоккейн эх орон”  хэмээгддэг Канад орны үзэсгэлэнт сайхан байгаль, цаст сүрлэг уулсыг дуу алдан бахдаж байх зуур өнөөх Ребальяти “өндрөөс буусаар” нэг л мэдэхэд “PC Place” –д байрлуулсан олимпийн таван цагаригийн дундуур үсрэн орж ирлээ.

            Үүний дараа XXI  өвлийн олимпийн зохион байгуулагч орон Канадын далбааг Канадын Эзэн хааны морьт цагдаагийнхан хүндэтгэлтэйгээр заллаа.

            Канадад гурав дахь удаагаа олимпийн наадам айлчлан ирж буй нь энэ бөгөөд 1976 онд Монреаль хотноо зуны олимпийн XXI наадам, 1988 онд Калгарид өвлийн олимпийн XV  наадам тус тус болж байсан юм.

            Канадын төрийн дууллыг залуу од Ники Янофски дуулж, дараа нь Канадын уугуул оршин суугч дөрвөн овог аймгийн төлөөлөгчид өөр өөрийн төрөлх хэлээр мэндчилгээ дэвшүүлж, дуугаа дуулж, бүжгээ хийлээ.

            Үүний дараа олимпийн нээлтийн “цөм” нь болдог орон орны тамирчдын парад уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн тамирчдын жагсаалаар эхэллээ. “Ванкувер-2010” олимпийн наадамд 82 орны тамирчин оролцож буй бөгөөд Кайман арал, Колумб, Гана, Монтенегро, Пакистан, Перу, Серб улсууд “Цагаан олимпод” анх удаагаа оролцож байгаа ажээ. Хамгийн нүсэр “десант” буулгасан орон нь 215 тамирчинтай АНУ бол зохион байгуулагч орон Канад 206, ОХУ 177, Герман 153 тамирчнаа сойж байгаа юм байна. Харин Хонконг, Тайвань, Мексик, Португал, Колумб гэх мэт 16 орон цорын ганц тамирчинтай аж.

            Өвлийн наадамд 12 дахь удаагаа оролцож буй Монгол Улс гүйлтийн цанын төрөлд хоёр цаначнаа сойж байгаа билээ. Урьд өмнө нь үнэгэн малгай, ангийн үстэй хүрмээр ихэвчлэн гангардаг байсан Монголын баг маань энэ удаа улаан цагаан хосолсон спорт хүрэм, цагаан ноосон малгай духдуулсан нь амьд байгаль, ан амьтныг хамгаалах талаар дэлхий даяар хүчтэй яригдаж буй өнөө цагт тун оновчтой сонголт болсон юм шиг бодогдсон.

            Монголын багийн тугчнаар хоёр дахь олимпдоо оролцож буй 24 настай, манай эмэгтэй цаначин Эрдэнэ-Очирын Очирсүрэн ажилласан бөгөөд цэнхэр өнгийн монгол үндэсний хантааз өмсөж, “задгай цагаан” маягийн малгай өмссөн нь донжтой , сэтгэлд дотно харагдана лээ.

            Орон орны тугчдаар ажилласан тамирчдын дотор хоккейчид цөөнгүй байв. Тухайлбал ОХУ-ын тугийг А.Морозов, Чехийн тугийг Яромир Ягр, Шведийн тугийг Петер Форсберг, Финландийн тугийг Вера Пелтонен залсан. Мэдээжийн хэрэг Канадын баг тамирчдыг ордонд орж ирэхэд хамгийн халуун дотно хүлээн авсан. Гэхдээ бас олимпийн нээлтээс хэдхэн цагийн өмнө бэлтгэлийн үед харамсалтайгаар амиа алдсан чаргачин Нодар Кумариташвалийн эх орон Гүржийн баг тамирчдыг ч маш их хүндэтгэлтэйгаар угтсан.

            Тамирчдын парадын дараагаар урлаг, соёлын бүрэн хэмжээний тоглолт болж, Канад орны үүх түүх, өв соёл, ард түмний аж амьдрал, амьд байгаль болон олимпийн онцлогийг багтаан үзүүлсэн. Тэр ч бүү хэл цас оруулж, агч навчаар цэнгэлдэх хүрээлэн дэх хүмүүсийг “хучиж” орхисон.

            Урлагийн тоглолтын дараагаар “Ванкувер-2010” олимпийг зохион байгуулах хорооны дарга Жон Фарлонг, ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге нар үг хэлж, Канадын амбан захирагч Микаэль Жан хэмээх хар арьст, хайти гаралтай бүсгүй Өвлийн олимпийн XXI  наадам нээснийг албан ёсоор зарлав.

            Олимпийн тугийг Канад орны нэрийг өндөрт өргөж явсан, алдар цуутай найман хүн залсны дотор домогт хоккейчин Бобби Орр, олимпийн аварга, уран гулгагч Барбара Энн Скотт, “Формула-1”-ийн дэлхийн аварга Жак Вильнев нар байлаа.

Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг Олимпийн бамбрыг зохион байгуулагч болгон өөр өөр шийдэлттэйгээр асаадаг бөгөөд тэрнийгээ эцсийн мөчийг”нууцалдаг” .

            Цас, мөсний орныхон ч Олимпийн бамбарыг өртөөлөн буухиалсаар “BRITISH COLUMBIA PLACE” ордонд паралимпийн тамирчин Рик Хансен залан оруулж, , олимпийн хошой , дэлхийн олон удаагийн аварга тэшүүрчин Катрион Мэй Доан, NBA-ийн од, сагсанбөмбөгч Стив Нэш, олимпийн аварга уулын цаначин Нэнси Грин, хоккейн домог, Канадчуудын бахархал Уэйн Гретцки нар “Мөнхийн гал”-ыг асаалаа.

            Ийнхүү өвлийн олимпийн XXI  наадам эхэллээ. Хоёрдугаар сарын 28-нийг дуустал дэлхий нийт Канад руу, Ванкувер руу анхаарлаа хандуулах нь дамжиггүй ээ. Манай хоёр цаначин хоёрдугаар сарын 15 –нд “зандан хүлгээ” унаад уралдааны замд гарна.

 

Ц.Энхтүвшин ( “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч )

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 07:25 | Спорт | уншсан: 438 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)